ТОЛГОЙН ӨВДӨЛТ-н талаар

Blog Single

Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй. Эсвэл энэ хоёр шалтгаан хавсарч болно. Мэргэжилтнүүд ерөнхийд нь толгойн өвдөлтийг анхдагч буюу хоёрдогч гэж ангилж үздэг байна.

Хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт нь давамгайлан тохиолддог. Хүмүүс ажлын ачаалал нэмэгдсэнээс, даралт ихдэхээр, гэмтэж бэртсэнээс хойш байнга толгой өвддөг болсон гэж ярих нь бий. Эдгээр шалтгаан дийлэнх тохиолддог учир хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт илүүтэй тохиолддог байна.

Мөн толгой өвдөлтийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч, цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг аж. Түүнчлэн толгой нь байнга өвддөг хүмүүс тэмдэглэл хөтөлж, ямар үед өвддөг, өвдөлтийн хүч, шинж тэмдэг, яавал намддаг талаар мэдээлэл бичих нь өвдөлтийн шалтгааныг илрүүлэхэд эмчдээ асар их тусыг хүргэдэг гэдгийг зориуд онцолмоор байна. Ингэснээр шинж тэмдгийн эмчилгээ хийгээд зогсохгүй шалтгааныг арилгах арга замыг олж болох нь.

1. Мигрень өвчний үед толгой яаж өвддөг вэ?

Мигрень буюу таллаж өвдөх үед өвдөлт толгойн нэг талыг хамарч, удаан хугацаагаар үргэлжилнэ. Өвдөх үед чамархайн судас лугшиж байгаа мэт өвдөнө. Өвдөлтийн үед дотор муухай оргих, огиулах, бөөлжих шинж тэмдэг заримдаа илэрдэг. Биеийн хүчний ачаалал авах, шатаар өгсөх, буух, юм өргөх үед, чанга дуу авиа, хурц гэрэл, амт үнэрт өвдөлтийн эрчим нэмэгддэг байна. Мөн эцэг, эх нь энэ өвчнөөр шаналдаг бол үр удам нь ч гэсэн өвдөх магадлалтай байдгийг эрдэмтэд тогтоогоод байна.

2. Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед толгой яаж өвддөг вэ?

Булчингийн чангарал бүхий толгой өвдөлтийн үед 30 минутаас хэд хоног хүртэл үргэлжилж болно. Өвдөлт толгойн хоёр талыг хамарч дарж, төөнөж, базаж байгаа мэт мэдрэмж төрнө. Ханиаж найтаах үед толгой дотор сул зүйл цалгих мэт болно. Өвдөлтийн эрчим нь биеийн хүчний ачааллын үед, хурц гэрэл, чанга дуунд нэмэгдэхгүй, дотор муухай оргиж, огиулж бөөлжүүлэхгүй.

3. Дайвар хөндийн өвчлөлөөс улбаатай толгойн өвдөлт

Хамрын эргэн тойрны хөндийнүүд өвчилснөөс болж толгой өвдөж, халуурч эхэлдэг.

Дух, хөмсөг, шанаа хэсгээр даралт өгч, хүчтэй өвддөг. Толгойгоо хөдөлгөх төдийд хатгуулж, тав тухгүй байдал үүсгэнэ. Хамар амьсгалах боломжгүй битүүрсэн байх бөгөөд үүнээс болж, толгой дүүрч өвддөг.

Ханиад томуу, харшил зэргээс болж хамар битүүрч, өвчлөх үед энэхүү толгойн өвдөлт танд мэдрэгдэх болно.

4. Хатгуулсан хүчтэй өвдөлт

Толгой нэг талдаа таллаж өвдөх, нэг нүдийг тойрч өвдөх толгойн өвчин. Өдөр бүр нэг цагтаа өвдөх, өвдөлт нь хэдэг хоногоос долоо хоног хүртэл үргэлжилж болох ба хэдэн долоо хоногоос сар хүртэл хугацаанд ремисст (өвчин сэдрэхгүй) байдаг. 90% нь эрэгтэйчүүдэд тохиолддог байна. Зарим толгойн кластер өвдөлттэй хүн архаг тамхичин байх нь бий. Архи хэрэглэх, хурц гэрэл, стресс болон зарим хүнсний бүтээгдэхүүн толгойн өвдөлтийг сэдрээдэг байна.

Шинж тэмдэг

Толгой хүчтэй өвдөх, нүдний ард болон нүдийг тойрч өвдөх, бөөлжих, хурц гэрэлтэй үед нүд өвдөх (фотофобиа), нүд улайх, нус гоожих, нүүр улайх зэрэг шинжүүд илэрдэг.

Хуваалцах: