Витамин С ба өөх шатаалт

Blog Single

МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ.

1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Витамин С нь маш хүчтэй антиоксидант буюу хоргүйжүүлэгч юм. Антиоксидант гэдгийг маш энгийн үгээр тайлбарлавал хүн төрөлхтний оршин тогтнох эх үндэс болсон эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Эсийн мембраны тосны нэгдлүүдийн исэлдэх процессыг саатуулдаг тогтолцоог антиоксидант буюу мембран хэт исэлдэн задрах, гэмтэхээс хамгаалдаг гэж хэлж болно. 
Витамин С нь чөлөөт радикалууд гэж нэрлэгддэг хортой молекулууд, түүнчлэн тамхины утаа зэрэг химийн хорт бодис, бохирдуулагчийн нөлөөнөөс хамгаалах олон антиоксидантуудын нэг юм. 

Бие дэх витамин С-ийн үүрэг Аскорбины хүчил гэгддэг витамин С нь биеийн бүх эд эсийн өсөлт, хөгжил, нөхөн сэргээлтэнд зайлшгүй шаардлагатай. Энэ нь коллаген үүсэх, төмрийн шингээлт, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, шархыг эдгээх, Л-Карнитин нийлэгжилтэнд оролцох, мөгөөрс, яс, шүдийг арчлах зэрэг биеийн олон үйл ажиллагаанд оролцдог. 


Жингээ хасах гэж байгаа хүмүүс ихэд сонирхдог зүйл нь өөх шатаах хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Бие махбодод өөх шатаах биохимийн процесст Л-Карнитин хэмээх биологийн нэгдэл нь өөхний эс дэх идэвхэжсэн тосны хүчлийг митохондри луу зөөснөөр өөх шатаалтад оролцдог байна. Л-Карнитин нь хүний биед нийлэгжиж үүсдэг. Л-Карнитин нийлэгжихэд Витамин С чухал оролцоотой. Өөрөөр хэлбэл Витамин С байхгүй эсвэл бага бол Л-Карнитин нийлэгжихгүй гэсэн үг. Витамин С хэрэглээ өндөр байгаа үед хүний бие махбод өөрөө Л-Карнитин нийлэгжүүлж өөхөө шатаадаг байна.

Витамин С-н өдөрт авч болох хамгийн дээд хэмжээ нь насанд хүрэгчдэд өдөрт 2000 мг байна. Их тунгаар болон удаан хэрэглэснээс нойр булчирхайн лангергансын аппарат гэмтэх магадлалтай. Бөөрөнд муугаар нөлөөлж болзошгүй. 

Хуваалцах: