“ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН”-Д МОНОС ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА.

Blog Single

Монос Групп болон Эм Судлалын Хүрээлэн-ийн төлөөлөл “Монголын зохион бүтээгч, инноваторуудын АНХДУГААР ЧУУЛГАН”-д оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН” Төрийн ордоны Их танхимд болж байна.

Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 80 жилийн ойд зориулан тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

1944 оны 5-р сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ юм зохион олох ба үйлдвэрээр оновчтой санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар”-аар Монгол Улсад оюуны өмчийн анхны эрх зүйн үндэс тавигдаж, шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх, зохиогчид эрхийн баримт олгох үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Энэ тогтоол нь өнөөдрийн Монгол Улсын оюуны өмч, инновацын тогтолцооны үндэс суурь болсон билээ.

Тэр цагаас хойш Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болж, нийт 16 олон улсын гэрээ, конвенцод нэгдэж орсон байна.
Тус чуулганд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын 600 гаруй зохион бүтээгч, инноватор, судлаач нарын төлөөлөл оролцож байна. Энэхүү чуулганы зорилго нь Монгол Улсын шинийг санаачлагч, зохион бүтээгч, инновацын салбарын түүхийг эргэн харж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ зохион бүтээгч, инноваторуудыг нэгтгэж, үндэсний хөгжилд технологи, оюуны хөрөнгө оруулалтыг үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байна.

Чуулганаар “Монголчуудын оюуны бүтээлийн үнэ цэнэ”, “Оюуны өмчийн хамгааллын асуудал”, “Үндэсний инновацын тогтолцоо ба хамтын ажиллагааны боломж”, “Зохион бүтээгч, инженерүүдийг бэлтгэх бодлого, тогтолцоо” зэрэг онцлох илтгэлүүд тавигдаж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд үнэтэй санал, шийдлээ хуваалцаж байна. Тус чуулганы төлөөлөгчдөөс нэгдсэн санал, зөвлөмжийг гарган Улсын их хурал, Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи болон оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн ажиллах юм. Энэхүү чуулганы арга хэмжээний хүрээнд “Зохион бүтээгч, инженерүүдийн үзэсгэлэн”-г ШУТИС-ийн VIII байранд зохион байгуулж, үндэсний бүтээлч санаачилгууд болон инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд танилцуулна.

Эх сурвалж: Оюуны өмчийн газар

Хуваалцах: