Бэлдмэлийн найрлага дахь аскорбины хүчил нь бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессын тохируулага, стеройд гормоны нийлэгжилт, дезоксирибонуклеин болон рибонуклеин хүчлийн нийлэгжилт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна. Никотины хүчил нь кодегидраз ферментийг бүрдүүлдэг тул исэлдэн ангижрах процесст оролцож өөх төст бодисуудын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх ба атеросклероз өвчтэй хүмүүсийн цусан дахь холестрины хэмжээг багасгах, судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Тиамины гидрохлорид нь нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд мэдрэлийн систем, ходоод гэдэсний зам, зүрх, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна вегетатив мэдрэлийн зангилаанд хориг үүсгэх ба араг ясны булчинг сулруулах (кураре төст) үйлдэл үзүүлнэ. Мөн мэдрэлийн синапсаар сэрэл дамжих процесст оролцдог. Рибофлавин нь бие махбодод орсныхоо дараа аденозинтрифосфорын хүчилтэй харилцан үйлчилцэж флавинмононуклеотид ба флавинаденин-нуклеотид болон хувирна. Эдгээр флавинтротеины кофермент бөгөөд исэлдэн ангижрах процесст болон уураг, өөх, нүүрс усны солилцоонд оролцоно. Мөн нүдний харааны ажиллагааг хэвийн байлгах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг витамины дутагдал, бодисын солилцооны хэвийн биш байдал, өсөлт хоцрох, халдварт өвчнүүд, архаг цочмог өвчнүүд, жирэмсэн хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэнэ.
Нэг флакон нь никотины хүчил 200мг, аскорбины хүчил 1000мг, тиамины гидрохлорид 20мг, рибофлавин 12мг, нохойн хошууны шүүс 100мл хүртэл агуулагдана.
Насанд хүрэгсэд 15 мл-ээр буюу хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, хүүхдэд 5 мл-ээр буюу цайны халбагаар 3-4 удаа тус тус хэрэглэнэ.
Бэлдмэлийн найрлага дахь түүхий эдүүдээс харшилтай бол хэрэглэхийг хориглоно.