Стеройд бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэл. Хэрэхийн гаралтай үе мөчний өвчин, тулайн гаралтай үений үрэвсэл, гож яр, үе ясжих, үе мөчний бусад үрэвсэлт өвчнүүд, халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл, бехтеревийн өвчин, хайрст үлд, тромбофлебит, холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ.
Нэг шахмал нь 25 мг индометацин агуулна.
Индомоныг хоол идэх үед буюу хоолны дараа ууна. Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс, 14-өөс доош насны хүүхэд, ацетилсалицилын хүчил хэрэглэсэнтэй холбоотой үүссэн бронхын багтраа, чонон хөрвөс болон харшлын хариу урвалын үед, хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өвчнүүдийн үед хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон жирэмсэн болохоор төлөвлөж буй бол хэрэглэхгүй.