GMP-3 төслийн нээлт: УЛАМЖЛАЛТ ҮЙЛДВЭРИЙН ОНЦЛОХ ШИЙДЛҮҮД

GMP-3 төслийн нээлт: УЛАМЖЛАЛТ ҮЙЛДВЭРИЙН ОНЦЛОХ ШИЙДЛҮҮД

Мэдээ мэдээлэл

2026-07-03

Монголын уламжлалт анагаах ухааны арвин өв соёл, эрдэм судлалын мэдлэгийг олон улсын эмийн үйлдвэрлэлийн өндөр шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх экспортын бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Түүнчлэн уг үйлдвэр нь технологи болон үйл ажиллагааны хувьд хэд хэдэн онцлох давуу талтай аж.

Том талбай, илүү бүтээмж

Энэ удаагийн үйлдвэр нь гурван давхар бөгөөд нийт 8,340 м² талбайтай. Үүний 3,154 м²-ийг цэвэр эмийн үйлдвэрлэл явагддаг байна. Үүнд ургамал боловсруулах хэсэг, шингэн болон хатуу тугнагдсан эмийн үйлдвэрүүд, олон улсын GDP стандартын агуулах, инженерийн дэд бүтцийн хэсгүүд багтжээ.

14 шинэ бүтээгдэхүүн

Монос групп одоо үйлдвэрлэж буй 22 төрлийн бүтээгдэхүүн дээрээ нэмж, шинээр дархлаа дэмжих, вирусийн эсрэг, цэр ховхлох зэрэг 14 нэр төрлийн эм үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мөн дараагийн ээлжийн 19 бүтээгдэхүүнийг судалгаа, туршилтын шатанд хөгжүүлж байгаа аж.

50 шинэ ажлын байр

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 50 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангах юм. Ингэснээр уламжлалт анагаах ухаан, био-технологи, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн залуу боловсон хүчин, нарийн мэргэжлийн инженерүүд шинээр ажиллах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь салбарынхаа хөгжилд оруулж буй бодит хөрөнгө оруулалт болох билээ.

140 Clean room system + 168 өрөө

Эмийн үйлдвэрлэлд орчны цэвэр байдал хамгийн чухал. Олон улсад үүнийг “Clean room” буюу “Цэвэр өрөөний систем” гэж нэрлэдэг бөгөөд GMP стандартын хамгийн гол шалгуур үзүүлэлт болдог байна.

Уг шинэ үйлдвэрт ийм системтэй 140 өрөөг тохижуулжээ. Эдгээр өрөөнүүд нь коридорынхоо агаартай ч холилдохгүй бөгөөд агаарын даралтын тусламжтайгаар гаднаас ямар ч тоос шороо, нян бактери, өөр бодисын хольц оруулахааргүй нарийн тусгаарлагдсан байна. Ингэснээр эмийг хамгийн цэвэр, аюулгүй орчинд үйлдвэрлэх нөхцөл бүрдэж буй аж. Үүнээс гадна тус үйлдвэрт ахуйн болон туслах зориулалттай өөр 168 өрөөг ч бүрэн тохижуулжээ.