GMP-3 төслийн нээлт: Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл
Мэдээ мэдээлэл
2026-07-03
Үйлдвэр маань жилд 300 тонн ургамал, 1,000 тонн жимс боловсруулах хүчин чадалтай. Боловсруулсан ургамлаараа хуурай болон шингэн хэлбэрийн эмийг нэг дор, иж бүрнээр нь үйлдвэрлэдэг чадамжтай гэдгээрээ онцлог.
Бид давхар бүрдээ өөр өөр зориулалттай тусгай үйлдвэрүүдийг байгуулсан. Тухайлбал, нэгдүгээр давхарт ургамлын анхны боловсруулалтыг хийж, хэрэгцээт хуурай бодисыг нь ялгаж авдаг. Хоёрдугаар давхарт ургамлаа хандлаад шингэн эм болгон шилэнд савладаг бол гуравдугаар давхарт нь ялгаж авсан хуурай бодисоороо шахмал болон капсултай эмүүдийг бэлтгэн ажиллаж байна.
Манай үйлдвэр уламжлалт анагаах ухааны эртний нарийн жорыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулж буй нь хамгийн том давуу тал. Эрт дээр үед тан эмийг гараар боож, нүдэж хэрэглэдэг байсан шүү дээ. Бид тэрхүү уламжлалт чанарыг нь алдагдуулалгүйгээр, өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн, уухад хялбар болгон зах зээлд нийлүүлж байгаа юм.