Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “Монгол Оюун Санаа”
Мэдээ мэдээлэл
2026-10-28
Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “Монгол Оюун Санаа” Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Энэхүү асуултад бодит жишээгээр хариулах нэгэн арга хэмжээг Монос Эмийн Үйлдвэр, Эм судлалын хүрээлэн зохион байгуулж, олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болгосон уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа.
Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэмтэн, судлаачид эмийн ургамлын найрлага, үйлдлийн механизм, аюулгүй байдал, үр нөлөөг тогтоох чиглэлээр хийсэн эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны үр дүнгээ хуваалцав. Тухайлбал, Нефрос, Иммунос, Чун-7, Шижидмон, Шимшинмон зэрэг бүтээгдэхүүний үйлдэлийг судалсан судалгаа буюу үүнд бөөрний үйл ажиллагаа, дархлаа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах тогтолцоо болон төрсний дараах умайн булчингийн агшилтыг дэмжих зэрэг судлагааны талаар танилцуулсан юм.
Үүнээс гадна уламжлалт анагаах ухааны жоруудын үүсэл, хэрэглээ, тэдгээрийг орчин үеийн үйлдвэрлэлийн технологид нийцүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн олон улсын чанарын стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилготой GMP-3 төслийн танилцуулга хийгдсэн билээ.