"Энэхүү хамтралаар Монгол Улсын уламжлалт анагаах ухааныг дэлхийд бренд болгох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ гэж найдаж байна."

"Энэхүү хамтралаар Монгол Улсын уламжлалт анагаах ухааныг дэлхийд бренд болгох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ гэж найдаж байна."

Мэдээ мэдээлэл

2026-11-23

2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монос Групп, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэг, Тэжээхүйн Ухаан ТББ зэрэг байгууллагууд уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон практик хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа уг санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд оролцож, гэрээнд гарын үсэг зурсан талаар сэтгэгдэлдээ:

"Өнөөдрийн энэ арга хэмжээ бол их чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. 2026 онд МУ-ын Ерөнхийлөгчийн Монголын уламжлалт АУ-ыг хөгжүүлэх зарлиг гарч үүнтэй холбоотой төлөвлөгөө батлагдсан, яг энэ цаг үед бид санамж бичиг байгуулж хамтарч ажиллаж байгаад бид их сэтгэл хангалуун байна. 

Манай хүрээлэн нь уламжлалт АУ-ыг ШУ-ы үндэслэлтэй сэргээн хөгжүүлээд 60 гаран жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ 60 гаран жилийн хугацаанд судалсан судалгааны үр дүнгүүд, оюуны өмчүүд нэлээнгүй хуримтлагдсан байна л даа. 

Уламжлалт АУ бол маш их судлагдахуунтай салбар, зөвхөн эм гээд ярихад л маш их судлах зүйл байдаг. Асар их судалгааны ард гарсан ч бидэнд үлдэж буй сул тал юу байсан бэ гэхээр бид том хэмжээний үйлдвэрлэгчид биш, иймд судалсан эм, хөгжүүлсэн бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлж, хэрэглээнд хүргэхэд маш олон хүндрэлүүд учирсаар байсан. Харин Монос групптэй энэ санамж бичгийг байгуулж хамтарч ажилласнаар зөвхөн Монгол Улс гэлтгүй Төв Азидаа томоохонд тооцогдох GMP стандартыг хангасан үйлдвэрт өөрсдийн судалгааны үр дүнг сайжруулан хөгжүүлж, үйлдвэрлэн гаргах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монос Групп-тэй хамтран ажилласнаар Монгол Улсын Уламжлалт Анагаах Ухааны хөгжлийг 1 шатаар ахиулах боломж бүрдчихлээ л гэсэн үг. Тэгэхээр энэ санамж бичгийн хүрээнд манай 2 байгууллага маш үр дүнтэй хамтарч ажиллана аа гэж найдаж байна. Яагаад гэвэл хоёуланд нь байгаа давуу талууд нийлж тус тусын сул талыг арилган асар их үр сайн үр дүнг бий болгох боломж бүрдэж байна.

Энэ санамж бичгийн үр дүн нэг жилийн хугацаанд бодитойгоор харагдах болно гэж итгэж байна. Монголын уламжлалт АУ-ы нэр хүндийг өсгөхөөс гадна, энэ хамтрал иргэдэд чанартай бүтээгдэхүүн хүргэх, хэрэгцээг хангахад асар чухал үйл гэж харж байна.  

Манай төрийн бодлогод Монгол АУ-ыг дэлхийд брэнд болгоно оо гэсэн томоохон зорилго тусгагдаж, үүнд чиглэсэн баримт бичгүүдийг хүртэл гаргасан байгаа шүү дээ. Яг энэ хамтралаас тэрхүү жинхэнэ брэнд бүтээгдэхүүнүүд гарна гэж найдаж байна. 

Эцэст нь АУ-ыг илүү инновацлаг, орчин үеийн технологид суурилан хөгжүүлж буй Монос Групп-ийн хамт олондоо гүнээ талархаж байна. Бидний олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийг бодит болгоход хэрэгтэй шинэлэг технологи, инновацийг нэвтрүүлж, хамтарч ажиллах боломжоор хангаж байгаад Уламжлалт АУ-ны салбарынхныхаа өмнөөс туйлын баяртай байна." хэмээн онцолсон байна.