Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Машбат: Улсын хэмжээнд, монголчуудад аюулгүй, сайн чанартай эм хэрэгтэй байна.
Мэдээ мэдээлэл
2026-11-23
2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монос Групп, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэг, Тэжээхүйн Ухаан ТББ зэрэг байгууллагууд уламжлалт анагаах ухааны өв, мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон практик хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Машбат уг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаарх сэтгэгдэлдээ:
"Улсын хэмжээнд, монголчуудад аюулгүй, сайн чанартай эм хэрэгтэй байна.
Өнөөдөр Монос Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар багштайгаа, Монос Эмийн Үйлдвэрийн гүйцэтгэх захирал, Эм Судлалын Хүрээлэнгийн захирал түүнчлэн бусад байгууллага, нийгэмлэгтэй хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Энэ ажил цаашдаа уламжлалт АУ-ы салбарт ажиллаж байгаа ард иргэд, эмч нар, эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд гээд энэ салбар хоорондын уялдааг хангах маш том оролдлогын нэг боллоо гэж би хувьдаа үзэж байна.
Манай нийгэмлэг Монголын анхны нэгдмэл нийгэмлэг учраас улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Бид хөдөө орон нутагт, суманд, дүүрэг дээр, өрх дээр өвчтөн үзэж байгаа эмч нартайгаа ажилладаг, одоогоор МУ-ыг 3 удаа бүтэн тойроод байна. Иймдээ ч Ерөнхийлөгчийн зарлигт эмч нарынхаа санал хүсэлтийг тусгах ажлын хэсэгт манай баг ажиллаж, 21 аймагт уламжлалт АУ-ы нөлөөллийн багууд байгуулсан. Говь, хангай, тал хээрийн бүсээр нь 5 бүсэд хувааж МУ-д уламжлалт АУ-ыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр уламжлалт эм хүрч очоогүй аймаг, сумд маш их байна. Монголчууд өөрсдөө эмээ үйлдвэрлэж гаргадаг хэрнээ хэрэглээний эмнийхээ 90%-ийг гаднаас худалдан авч, импортын эм хэрэглэж байна. Гэтэл бид өндөр үнээр худалдан авдаг импортын эмийг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэдэг шүү дээ. Иймээс бид дэлхийн стандартын шаардлага хангасан чанартай эмийг үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Монос групптэйгээ хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тэгэхээр Монос групптэй хамтран бид чанартай бүтээгдэхүүнийг эмч нар, хэрэглэгчдэд хүргэх, ард иргэдэд эмийн зөв хэрэглээг хэвшүүлэх тал дээр хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
Энд зөвхөн уламжлалт эм үйлдвэрлэх, ард иргэдийг анагаан эмчлэх гэдгээс гадна эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, монгол хүний гений бүтэц, бие махбодын онцлогт тохирсон аюулгүй, чанартай эм хэрэглэх, гаднаас хамааралгүй байх зэрэг асуудлууд давхар яригдах юм. Түүнчлэн монгол иргэд маш олноороо уламжлалт эм, эмчилгээний төлөө Хятад, Солонгос гэх мэт азийн орнууд түүнчлэн Турк зэрэг гадаад орныг зорьдог. Монголдоо эмчлэх боломжтой өвчин зовуурийг анагаахын тулд, монголдоо олж авч хэрэглэх боломжтой уламжлалт эм танг авахын тулд гадаад орныг зорьдог урсгал их хэвээрээ байсаар байна. Үүнийг даган монгол хөрөнгө, монгол төгрөг гадаад руу урсаж байгаа гэсэн үг. Энэ асуудал дээр манай мэргэжлийн салбар зөвлөлийн баримталж буй бас нэгэн бодлого бол МУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого юм.
Тэгвэл энэ бодлогын хүрээнд өнөөдөр Монос групптэй хамтарч импортын бүтээгдэхүүнээс татгалзаж Монголдоо үйлдвэрлэсэн сайн эмээ хэрэглэдэг, сайн эмчилгээгээ авдаг болох үндсийг тавьж байна. Монгол иргэн эрүүл, урт удаан амьдардаг байж хөдөлмөрийн чадамж нэмэгдэнэ, ингэснээр зөвхөн эрүүл мэнд, эдийн засгаас гадна монгол орон бүхэлдээ хөгжих үндэс суурь болох юм. Манай улсад Монос Эмийн Үйлдвэр аль хэдийнээ ОУ-ын чанарын стандарт хангасан лабораторийн түвшний хяналттайгаар монгол эм үйлдвэрлэж байгаа. Энэ бол том хувьсгал. Бидний энэ хамтрал зөвхөн дотоодын эрүүл мэндийн салбарт нөлөө үзүүлээд зогсохгүй стратегийн бодлогын хувьд ч сайн үр дүнд хүргэх том үйл хэргийн эхлэл юм." хэмээн онцолжээ.